“НАЙРАМДАЛ” МУЗЕЙ (1970-1991)
Дархан хотод МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1968 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 553-р тогтоолоор Дархан хотын Музейн үндэс суурь тавигдсан.
Уг тогтоолд: “Ах дүү социалист орнуудын тусламжаар байгуулсан. Дархан хотын түүх, эдийн засаг, соёлын хөгжил, ах дүү орнуудын интернационалч хамтын ажиллагааны үр шимийг харуулсан Музей байгуулахыг” заажээ. Музейн анхны эрхлэгчээр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Д.Төмөр-Очир /1921-1985/ томилогдон ажиллаж байсан. Тэрээр анх Дархан хотын найрамдал, бүтээн байгуулалтын сэдэвтэй гэрэл зургууд болон төрөл бүрийн баримал, уран зургууд зэргийг цуглуулгаар бүрдүүлж, өнөөгийн сан хөмрөгийн үндэс суурийг тавьсан билээ. Үүний үндсэн дээр 1968-1969 онуудад “Найрамдал” Музейг байгуулахад үзмэр зохион байгуулалт болон музейг тоноглон төхөөрөмжлөхөд Зөвлөлтийн барилгын 1-р трестийн орлогч дарга В.И.Радченко, ВПП үйлдвэрийн дарга Л.В.Брускин, ерөнхий инженер В.В.Макаренков зэрэг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн байдаг. 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Монгол─Зөвлөлтийн найрамдал, ах дүү социалист орнуудын тухайн цаг үеийн хамтын ажиллагааг харуулсан 4 танхимтай “Найрамдал” Музейг гэрэл зураг зонхилсон 500 гаруй үзмэртэйгээр олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, албан ёсоор нээлтээ хийсэн түүхтэй. Анх “Найрамдал” Музейг байгуулахдаа “Социалист шинэ Дархан хотын үүсэл хөгжил, одоогийн түүх, ирээдүйн төлөвийг харуулсан өвөрмөц сэдэв агуулгатай өнөөдрийн амьдралыг яруу тодоор харуулсан Музей байгуулбал зүйтэй юм” гэдэг саналыг анхны эрхлэгч Д.Төмөр-Очир дээд байгууллагын өмнө үндэслэн тавьж, үүний дагуу Дархан хотын Музейн өвөрмөц шинж чанар, сэдэв агуулгатай уялдуулан үзмэр зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг Улсын Төв Музейн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар боловсруулж Дархан хотын Намын Хороо болон МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсээр хянуулан батлуулсан байна. Тухайн үеийн Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Дархан хотын дүрслэх урлагийн салбар, гар үйлдвэрийн Төв үзэсгэлэнгээс Дархан хотын түүхэн гэрэл зураг, уран зураг, баримал, сийлбэр, зээгт наамал зэрэг үзмэрийг шилжүүлэн авах буюу худалдан авах замаар бүрдүүлжээ.